Monday, March 30, 2015

Л.Өлзийтөгс: Өвгөн дэнлүүний дор хуучин сандал дээр

1
Манант хотын хаа ч юм нэг л гудамжинд
Маргаашийн тухай бодлогоширсон өвгөн дэнлүү бөхийгөөд
Тэр денлүүн гэрэлт ургадаг моддоос
Тэмүүлэн ниссэн навчсын хойноос гуниглан...
2
Хачин уйтгартай нүдээр шөнийн гүн уруу ширтэн
Харанхуйн дунд тэнгэрийн доор суухад
Хуучин энэ ертөнцийн хаа нэгт
Хувь тавилан минь бичээстэй байгаа шиг санагдан...
3
Чулуун зам дээр урт сүүдэр урсаж
Шулуун хар үсний ширхэг бүхэн гэрлтэнэ
Энэ л дэнлүүн шөнө бүрийг хуваалцан
Энэлэн суух надаас өөр хүнгүй
4
Амьсгал хураасан цэл залуу навчисын
Араас нь уйлахад модод дуугаа хураанам
Салхи хуруугаа хацарт минь хүргээд авахад л
Сайхан юм гэдэг дэргэд байдгийг ойлгоно...
5
Эгээ л дэнлүү шиг гуйвлан босоод
Эргэж ирэхгүй өчигдөр уруугаа нэг хартал
Яг минут шиг нүдтэй шувуу нисэж ирээд
Ямар их ой ханхлуулан өөдөөс ширтсэн гээ!

No comments:

Post a Comment